
Би 4-р сарын 1-нд төрсөн хүн. Төрсөн цагаасаа хойш хүмүүст маш их баяр баягалан бэлэглэж байсан даа...
Эх бариг тас тас хийтэр хөхөрсөөр намайг арай л унагачихалгүй байж ээжид минь харуулахад тэр удаан гэгч нь инээсэн гэдэг. Гэхдээ аавын баярласны дэргэд энэ хоёрын инээд бол юу ч биш гэж болно. Аав минь үе үе эвхэрч унан, өвдгөө алгадан үсэрч босохдоо "Үгүй энийг хараач ээ, ёстой элэг хөшмөөр юм" гэж уулга алдаж байсан гэж хожим надад ярьсан.
Миний төөргийг үзүүлэхээр үзмэрч дээр авчрахад цаадах нь намайг харж инээсээр байгаад өнгөрсөн, ирээдүйг хардаг гоц авъяасаа алдчихсан гэсэн.
Арван жилд багш нар хичээлээ үймүүлэхгүй гэсэндээ барагтай л бол самбарын өмнө гаргаж асуудаггүй байлаа. Гэхдээ сургууль бол сургууль, хичээл бол хичээл болохоор заримдаа яах ч аргагүй зүйл болдог байсныг санах юм. Нэг удаа биеийн тамирын багш заалны оройгоос бэхэлсэн олс руу яаж авирах ёстойг биеэрээ үзүүлж байгаад өндөр дээрээс миний царайг харчихаад тэвчилгүй инээж тэр өндөр дээрээс уначихсан. Дараа нь гурван сарын турш биеийн тамирын хичээл орохгүй амар байж билээ.
Харин дээд сургуульд бол бүх зүйл эсрэгээрээ байсан гэхэд болох байх. Шалгалт, шүүлгийг би ядаж зовох юмгүй хамгийн түрүүнд, хялбархан өгчихдөг байв. Намайг хариулж байх үед багш нар голдуу бушуухан босч, тамхилахаар тэнхимээс гарчихдаг, тэгээд тэндээсээ үе үе гарах "брррссс ха хаха ёо ёо үхлээ" гэсэн авианаас өөр зүйлээр миний илтгэлийг тасалдаггүй байсан.
Нийтийн байрны жижүүрүүд надаас хэзээ ч үнэмлэх энэ тэр асууж байгаагүй. Намайг тасаг руугаа явсны дараа жижүүрүүд инээсээр атирчихаад тэнийж чадалгүй нэлээн уддаг байсан болхоор манай байрны охидыг эргүүлдэг байсан залуучууд боломжыг ашиглан чөлөөтэй орж гардаг байсан гэсэн. Тэгэхээр би олон ч хүүхдийг ертөнцөхөд мэндлэхэд тус болсон, нэг ёсны загалмайлсан эцэг гэх юмуу даа.
Дэлгүүрээс пиво, архи авах хэрэг гарахад манай ангийхан үргэлж намайг явуулна. Намайг дээрлэхдэг эсвэл би явах дуртайдаа биш л дээ. Зүгээр л худалдагч хүүхнүүд, кассчид нь намайг хараад инээсээр мөнгө авахаа мартчихдаг байсан болхоор л тэр.
Хүүхнүүдтэй бол би ямагт бүтэлгүйтдэг байсан. Амьдралдаа анх удаа "Баярмаа би чамд хайртай" гэж зүрхлэн зүрхлэн байж хэлсний дараа Баярмаа тэх дундуураа нугараад, сургуулийн 00-н өрөө рүү арайхийн мөлхөж орж байсан юм даг.
Нэг удаа намайг хэдэн нөхдүүд дээрэмддэг юм байна. Оройхон тийш байр руугаа алхалж явтал нэг нөхөр гэнэт араас боогоод "Хөдөлвөл ална шүү, хүрэм, гутлаа тайл" гэдэг байгаа. Би арайхийж эргэж харснаа л санадаг юм. Хагас цагийн дараа ухаан орсон чинь байдгаараа хөхрөлдсан цагдаа нар, инээсээр байгаад ямар ч тэнхэлгүй болчихсон дээрэмчдийг цагдаагийн машинруу чихэж байхыг харж билээ.
Гэхдээ муу ч гэсэн эрийн хуйх юм болохоор би 30 хүрээд эхнэр авсан л даа. Найз нар маань тус болсон юм. Тэд миний эхнэрийг "дажгүй хүүхэн" гэж наргиан хийдэг. Хуримыг төрсөн өдөртэй маань давхцуулан хийсэн болохоор элдэв гэнэдүүлэлт, мэхлэлтээр дүүрэн, сайхан болсон. Сүйт бүсгүйг маань, одоо энэ миний эхнэрийг шүү дээ, нүүрийг нь битүү халхалсан хар гивлүүртэй авчирдаг юм байна. Тэгэхэд харин би зориг гаргаж гивлүүрийг нь сөхөж царайг нь хараад амьдралдаа анх удаа инээсэн юм даг.
Түүнээс хойш би олон жил сайхан амьдарч, ажилласан. Намайг тэтгэвэрт гарахад дарга маань инээсээр хүрч ирээд "За ингээд танд уйдах боломж гарахгүй боллоо" гэсэн бичигтэй том дугуй толь бэлэглэсэн. Тэгээд би харин нэг их удалгүй гуравдугаар сарын сүүлээр өөд болсон юм. Намайг дөрөвдүгээр сарын эхний өдөр гаргасан болохоор ажил явдал маань хөнгөхөн, элдэв нулимс, гашуудалгүй сайхан болж өнгөрсөн гэхэд болно. Манай даргын хөлсөлж өгсөн хөгжимчид эмгэнэлийн ая тоглож байхдаа үе үе өөрсдөө ч мэдэлгүй хүүхдийн дууны хөгжилтэй ая үлээгээд л байсан. Миний толгой дээр хэлсэн сүүлчийн үг хөгжилтэй, өөрийн эрхгүй инээд хүрэхээр байсан. Тэгээд харж байх нь ээ уншиж дуусахаас нь өмнө энд тэнд хүмүүс эвхэрч унаад л байсан даа...
No comments:
Post a Comment